English
[ 2010 оны 2 дугаар сарын 25, Улаанбаатар хот]
Цаг агаарын онц аюултай нөхцөл байдлын улмаас амьжиргаагүй болсон малчдыг бага ч гэсэн орлого олох боломжоор хангахын сацуу тэдгээрт учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдлийг бууруулахын тулд зуданд хорогдсон малын сэг зэмийг зайлуулж устгахад чиглэгдсэн “хөдөлвөл хөлс” тусгай хөтөлбөрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн (НҮБХХ) газраас Онцгой байдлын ерөнхий газартай хамтран эхлүүлэх гэж байна.
Олон хоногоор үргэлжлэн орсон цасны улмаас Монгол орны нийт газар нутагт цасан бүрхэвч тогтож, цасны зузаан нийт нутгийн 60 хувьд 20-40 см-т хүрээд байгаа билээ. Мал бэлчээрт гарах боломжгүй болж, олон сая мал идэш тэжээлээр дутагдаж байна. Улсын хэмжээнд нийт хорогдсон малын тоо 2.7 саяд хүрч, үхсэн малын сэг зэм ил задгай орхигдсон нөхцөл байдалтай байна. Цас хайлж эхэлмэгц үхсэн малын сэг зэм хөрс бохирдуулах, халдварт өвчин гарах, тархах аюулд хүргэж болзошгүй.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд малчид хорогдсон малын сэг зэмийг цэвэрлэх, булах ажил хийж тодорхой хэмжээний хөлс авах юм. Уг хөтөлбөрт ядаж 30,000 малчдыг хамруулах зорилготой бөгөөд үүнд зуданд ихээр нэрвэгдсэн 200-аас доош мал бүхий малдыг түлхүү оролцуулахыг зорьж байна. Монгол улсын хүн амын гуравны нэг ядуурлын түвшнээс доогуур амьдарч байгаа бөгөөд энэ өвлийн зуднаар малын хорогдлын хэмжээ өндөр байгаа учир энэ тоо өсөх хандлагатай байна.
Хэдийгээр монголчууд өвлийн хахир хатууг ажрахгүй давдаг боловч энэ жилийн хувьд зундаа гантай байж, өвөлдөө онцгой хүйтэрч, хүйтний эрч -50 хэм хүрэн мал бэлчээх боломжгүй болсон зуд тохиолоо. Өвс тэжээлийн нөөц шавхагдаж олон сая мал хорогдсон нь мал маллаж амьжиргаагаа залгуулдаг малчдад хүндээр тусч байна.
Засгийн газар хүйтний улирал дуусч, зунтай золготол нилээд хэмжээний мал хорогдоно гэж тооцоолж байна. Ойролцоогоор таван сая гаруй малын сэг зэмийг булж устгах ажилд 4 сая ам.долларын хэрэгцээ буйг Монгол Улсын Засгийн газар тооцоолж гаргасан бөгөөд НҮБ-д хандан тусламж хүссэн юм. Энэхүү хүсэлтийн дагуу НҮБХХ-өөс 300,000 ам.долларыг хуваарилсан ба зудаас үүдэлтэй хохирлыг арилгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор нэмэлт нөөц бүрдүүлэх ажлыг хийж байна. Малын сэгийг булж цэвэрлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4 сая ам.доллар шаардагдах бөгөөд НҮБ-ын төрөлжсөн байгуулагууд болох Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан үйл ажиллагааны хүрээнд тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
НҮБХХ-ийн суурин төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэгч ноён Акбар Усмани “Хоол хүнс, орон гэр, түлш, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үндсэн хэрэгцээг хангах нь чухал боловч одоо боловсруулж буй энэхүү хөтөлбөр нь орон нутагт халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэхээс гадна малчдад энэ хүнд үед орлого олж гэр бүлээ тэжээх бага ч гэсэн боломж олгож байгаа юм. Мал сүрэг бол олон Монголчуудын амьдралыг залгуулдаг амьжиргааны гол эх үүсвэр гэдгийг бид маш сайн ойлгож байна” гэж хэлжээ.
Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) нь 2001 оны зудны дараа НҮБ-ын зөвлөмжийн дагуу Монгол улсад гамшгийн үеийн үйл ажиллагааг удирдан зохицуулах үүрэгтэйгээр байгуулагдсан. 2001 онд НҮБ-аас хийсэн Гамшгийн үнэлгээний явцад нисдэг тэрэгний ослын улмаас есөн хүний амь үрэгдсэн эмгэнэлт явдал болсон билээ. Тэр цагаас хойш НҮБХХ-өөс гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр ОБЕГ-т дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. ОБЕГ-ын удирдлагууд гамшиг тохиолдсон энэ үед НҮБХХ дахин Засгийн газарт тусалж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байгаа юм.
Эдгээр яаралтай тусламжаас гадна НҮБХХ-өөс зудын хохирлыг барагдуулах төлөвлөгөө боловсруулахад ОБЕГ-т дэмжлэг үзүүлэх юм. Төлөвлөгөөний гол зорилго нь зудад хамгийн их өртөх эрсдэлтэй мал аж ахуйн салбарт ажилладаг иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд анхаарах юм. Уур амьсгалын өөрчлөлт, өдрөөс өдөрт өргөжиж буй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн Монгол улсын бэлчээрийн газар багасч байхад малын тоо толгой өссөөр байгаа бөгөөд энэ харьцаанаас болж бэлчээрт ачаалал улам нэмэгдэж байна. Одоогоор мал аж ахуйгаас өөр эх үүсвэрээс орлого олох ур чадвартай, мэргэжлийн сургалтанд хамрагдсан малчдын тоо цөөн байна. Иймд зудын хохирлыг барагдуулах төлөвлөгөө нь бэлчээрийн менежментийг сайжруулах, малчдын орлогын эх үүсвэрийг өөрчлөх, улс орны гамшгийн эрсдэлд бэлэн байх чадварыг дээшлүүлэх зэрэг урт хугацааны шийдлүүдийг чухалчлах юм.
*********************
Дэлгэрэнгүй мэдээлэл, ярилцлага авахыг хүсвэл доорх хаягаар хандана уу:
Б.Саруул, Хэвлэл мэдээллийн алба
И-мэйл: bsaruul@desertification.mn
Утас: 976 327585 x120
***
|