Englsih
[ 2010 оны 9-р сарын 20 ]
Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхий дахинд мөргөлдөөн, үл ойлголцол, зөрчилдөөний талаар өдөр туам хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй энэ үед НҮБ-аас зарласан Олон улсын Энх тайвны өдрийг жил бүр онцлон тэмдэглэж байгаа нь эв нэгдэл, энх тайванд уриалсан онцгой үйл явдал юм.
2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон төрлийн шашны урсгалын төлөөлөгчид өөрийн сүм хийдэд энх тайвны төлөө мөргөл үйлдэж, өөрийн шашны номыг унших бөгөөд тус өдрийн 18.30 цагт Сүхбаатарын талбайд хуран цуглаж хамтдаа Энх тайвны хонхыг цохих арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээг нээж Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илгээлтийг хүргэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шашны асуудал хариуцсан зөвлөлийг төлөөлж ноён С. Цэдэндамба оролцоно.
Тус арга хэмжээнд Будда, Шинто, Ананда Марга, Брахма кумарис, Христ, Лал болон Бахайн шашны төлөөлөгчид оролцож тус тусын мөргөлийг үйлдэж, лаа асаан Энх тайвны хонхыг хамтдаа цохих болно.
Энэхүү энгийн бөгөөд хүн бүрийг энх тайвны төлөө хувь нэмрээ оруулахыг уриалсан, албан бус арга хэмжээ нь энх тайван бол хүн төрөлхтөн, олон төрлийн шашны сургаалын үндэс гэдгийг харуулахыг зорьж байгаа үйл явдал билээ. Тус арга хэмжээг угтаж өдрийн туршид Монголд үйл ажиллагаа явуулж буй шашны сүм хийдэд энх тайвны төлөө ном уншиж, мөргөл үйлдэх юм.
Олон улсын Энх тайвны энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт нийтээрээ өргөн хүрээнд тэмдэглэдэг бөгөөд анх 1954 онд Нью Йоркт Энх тайвны хонхыг дэлхийн 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр бүтээж байсан түүхтэй юм. Улмаар сүүлийн 50 жил гаруйн турш энэхүү өдрийг НҮБ-аас санаачлан зохион байгуулж байна.
***
|